
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, үерийн түвшинд 35 см дөхсөн байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас усжих Халх гол үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 1-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см нэмэгдэх хандлагатай байна. Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.