
Дуучин, жүжигчин, ая зохиогч, бүжигчин, бясалгалын багш К.Номинжин өдгөө 32 настай. Тэр багасаа эхэлж аялсан бөгөөд Оросод гурван жил, Энэтхэгт таван жил мөн Карибийн тэнгист нэг жил амьдарч байжээ. Монголдоо 13 настайдаа урлагт хөл тавих гэж буцаж ирсэн.
Түүний дараа 17 настайдаа Америкт бүрэн суурьшсан байна.12 настайгаасаа эхэлж дэлхийн олон оронд хүүхдийн болон бусад урлаг, хөгжмийн наадмын шугамаар уригдаж дуулж байж. Анх 11 настайдаа ээж, аав хоёртоо дуучин болох сонирхолтой байгаагаа хэлжээ. Багадаа мэргэжлээ сонгосон түүний хувьд эцэг, эх нь өдийг хүртэл чин сэтгэлээсээ дэмжиж ирсний ачаар өдий зэрэгтэй яваа гэж боддогоо ярьсан байдаг. Түүний ээж нь социологич мэргэжилтэй, Монгол Улсын Их Сургуульд багшилж байсан эрдэмтэн хүн. Түүний өвөг дээдэс болох Балданцэрэн гүн “Эрүү цагаан болжмор” зэрэг ардын гэгддэг олон дууг зохиосон хүн ажээ.
К. Номинжин 13 настайдаа цэвэр цагаан хоолтон болж, 19 настайдаа веган буюу ургамал хоолтон болсон. Амьтны амь шууд болон шууд бус утгаар хөнөөхгүй, архи, тамхи огт хэрэглэхгүй гэсэн тангараг өргөдөг аж. Номинжин нь 17 настайгаасаа Америкийн Лос Анжелес хотод суурин амьдарч, суралцан, уран бүтээлээ хийж эхэлжээ. Энэ хугацаанд 15 гаруй оронд уригдаж тоглолтоо хийсэн. Мөн Америкийн Мэргэжлийн Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн болжээ. Грамми шагналт хөгжмийн зохиогч нараас суралцан, англи хэл дээр нийтийн дууны бүх жанраар дуу зохиох тал дээр өөрийгөө хөгжүүлж яваа нэгэн.