
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 оны улс төрийн сонгуулийн үеэр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан, бусдыг зээл авахад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй төрийн албан тушаалтнуудын хэрэг нэлээдгүй дуулиан тарьж байв. Тэд бол монголчуудаас уучлал гуйгаад зогсохгүй, дахин төрийн албан тушаал хаших учиргүй эрхмүүд юм. Гэтэл тэд одоо ч ажлаа хийсээр буй билээ.
Тэдний хууль бус үйлдлийг чухам шүүх яаж шийдсэн нь сонин. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авч, хууль бус замаар иргэдийн халаасанд “гар хүрсэн” хүмүүс УИХ-ын гишүүд, сайд нараар зогсохгүй Засгийн газрын харьяа яам, агентлагийн албан тушаалтнуудаар хаяагаа тэлсэн.
Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Зээл авсан гишүүд, сайд нар болон нэр бүхий албан тушаалтнуудыг зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйж, улмаар хуулийн хариуцлагаа хүлээх ёстой” хэмээн албан ёсоор мэдэгдэж, бүр “2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү” гэж хүртэл загнаж үзсэн. Гэсэн ч энэ хэрэгтэй холбоотой хариуцлага хүлээх аядсан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүн.
ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан хэрэгт УИХ-ын 50 орчим гишүүн холбогдсон бөгөөд хожим АТГ-аас 13 гишүүнийг шалгаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн. Гэвч чухам ямар гишүүд шалгагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл одоог хүртэл өгөөгүй ч доорх гишүүд байх магадлал хамгийн өндөр байгаа юм.
Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Содбаатар. Тэрбээр эхнэрийнхээ бизнесийг дэмжих зорилгоор тансаг зэрэглэлийн сувилалд нь 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан байдаг. “Epato Anarvaan-Төрсний дараах эх, нярайн сувилал”-д эх хүүхэд долоо хоног сувилуулахад дунджаар 2.9 сая төгрөг төлдөг.
УИХ-ын гишүүн асан Б.Батзориг. Тэрбээр эхнэрийнхээ “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас олгосон.
УИХ-ын гишүүн Н.Учрал. Аавынхаа “Хүннү” компанид ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өгсөн нь баримтаар дэлгэгдсэн.
УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь. Тэрбээр “Манай хүүгийн “Red star club” гэдэг компани зээл авсан. Би нөлөөлөөгүй. Хүү минь Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан” хэмээж байсан.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Төрсөн дүү Б.Одончимэгийнхээ эзэмшдэг “Сингапур Хэльт Кейр Сентер” компанид ЖДҮХС-гаас 800 сая төгрөг авсан байдаг.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Тэрбээр “Говь саун” ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан нь илчлэгдсэн. Тус цогцолборын эзэн нь Д.Дэнсмаа. “Говь саун”-ы эзэн Д.Дэнсмаа нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж юм.
УИХ-ын гишүүн асан О.Батнасан. Тэрбээр төрсөн дүү О.Ганбаатартаа зээл авч өгсөн байдаг. Үүнийхээ тайлбарт бусдынхаа адил “Би нөлөөлөөгүй” хэмээж, зээл авсан мөнгөөрөө махны үйлдвэр барьж байгаагаа ярьсан.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. Тэрбээр 950 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий компанидаа авсан. Уг “Дорнод гурил” компаниа тэрбээр үүсгэн байгуулж, өдгөө ч ХОМ-тээ мэдүүлдэг.
УИХ-ын гишүүн асан Г.Солтан. Тэрбээр хамаарал бүхий компани “Монгол шаазан”-даа 950 сая төгрөгийг ЖДҮХС-аас авсан хэмээдэг. Тэрбээр өөрөө үгүйсгэдэг ч хууль, шүүхийн өмнө тус компанийг албан ёсоор төлөөлсөн эзэн нь Г.Солтан гэнэ. Тэр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасуулсан байдаг. Тэрбээр одоо хорих ялаа эдэлж буй.
УИХ-ын гишүүн асан, аварга А.Сүхбат. Тэрбээр отгон дүү А.Баттөгсийнхөө эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэл түмэн хишиг” компанид 800 сая төгрөгийн зээл авч өгсөн нь баримтаар нотлогдсон.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан. “Хүнс сервис” компанидаа 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банканд хүүлэгдсэн гэдэг.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгуулж байсан. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүний ямбаа эдэлсээр буй.