
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргий Х.Нямбаатар: Засгийн газрын ээлжит хуралдаанаар ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Нэгд, хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байгаатай холбогдуулж боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 1111 төвд өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өгсөн. Ялангуяа Улаанбаатар хотод тойргийн бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хувийн ашиг сонирхлын үндэс дээр сургадаг. Нэр бүхий сургуулиудад тодорхой сорилт шалгалтгүйгээр хүүхдүүдийг элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг тэгш хүргэх зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж байна. Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ, боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан. Үүн дээр сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар Засгийн газрын авлигатай тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах нь ажлын хэсгийн оногдуулж байгаа үүрэг, даалгавар юм.
Хоёрт, Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон. Энэхүү ажлын хэсэг нь сүүлийн хориод жил стратегийн томоохон бүтээн байгуулалтууд, хөрш зэргэлдээ орнуудтай байгуулсан стратегийн бүтээн байгуулалтууд явагдахгүй тасалдсан, гэрээлэгч улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чаддаггүй нөхцөл байдлууд бий. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг сум, ИТХ-ын дарга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бичиг явуулж хоёр жил гаруй тасалдуулсан. Тиймээс хэн нэг иргэний нийгмийн байгууллагын нэр, ард түмний төлөөлөл барьж, ямар нэг эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” гэдэг зүйлчлэлээр холбогдох байгууллагуудад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Гуравт, сүүлийн үед цахим гэмт хэрэг ихээр нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь цагдаагийн байгууллагад бүртгэгддэг байсан гэмт хэргийн үндсэн өнгө өөрчлөгдөж байна. Өмчлөх эрхийн гэмт хэрэг их гардаг байсан бол одоо цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг. Тэр дундаа цахим орчин дахь залилан, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байна. Тиймээс цахим орчин дахь гэмт хэргийн гаралтыг зогсоох ажлын хэсэг байгуулсан.
Тэрээр мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.