
Олон улсын хэмжээний топ хамтлагууд уригддаг, амьд хөгжмийн ертөнцийн тухайн жилийн өнгийг тодорхойлдог Playtime хөгжмийн наадмыг үүсгэн байгуулагч бол Ц.Нацагдорж хэмээх энэ эрхэм.
Монголд анхны хөгжмийн томоохон дэлгүүр болох “Hi Fi”-ийг үүсгэн байгуулж байсан тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн онолын хичээл хүртэл зааж, төрийн болон олон улсын байгууллагуудад удирдах албан тушаал хашиж явсан түүхтэй нэгэн. Гэвч өөрийн дуртай-мөрөөдлийн зүйлсээ бодит болгож, үе үеийн залууст урам зориг, баяр хөөр бэлэглэж буй тэрбээр кинонд тоглож, жүжигчний карьераа эхлүүлж буй гэнэ шүү.
Түүний тоглож буй кино нь найруулагч А.Баттүшигийн хийж буй “Бэхэн зүрх”. Тус кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлнэ.
Сонирхуулахад, Д.Нацагдорж өөрийн гэсэн ментортой байж үзээгүй бөгөөд өөрийн бодлоороо шийдвэр гаргадаг гэнэ. Энэ тухайгаа “Би амьдралдаа ментортой байж үзээгүй. Тийм ч болохоор заримдаа алдаа гаргах, тодорхой асуудлуудад буруу хандах, зарим үед тохиромжгүй шийдвэр гаргах тохиолдол гардаг юм. Тэр үед зөвлөж чиглүүлэх ментор гэж хүн байсан бол гэсэн бодол төрдөг. Ямар ч үед түшиж тулах, асууж лавлах хүмүүс хажууд байх шиг чухал зүйл үгүй юм шиг санагдах болсон” хэмээн ярьж байсан удаатай.