
Хэрэв Украиныг АНУ тэргүүтэй НАТО-ийн цэргийн эвсэлд элсүүлбэл Украин дахь мөргөлдөөн Дэлхийн III дайн болон даамжирна гэж Оросын Аюулгүйн зөвлөлийн албан тушаалтан пүрэв гарагт анхаарууллаа.
Есдүгээр сарын 30-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчлэн эзэлсэн Украины дөрвөн бүс нутгийг Москвад нэгтгэснийг албан ёсоор зарласнаас хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Володимир Зеленский НАТО-д гишүүнээр элсэх гэнэтийн саналаа зарласан.
Эвслийн 30 гишүүн бүгд зөвшөөрснөөр Украиныг НАТО-д элсүүлэх боломжтой болох бөгөөд үүнд цаг хугацаа шаардлагатай.
Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Александр Венедиктов уг асуудлаар “Ийм алхам нь баталгаатай Дэлхийн III дайн болж даамжирна гэдгийг Киев сайн мэдэж байгаа” гэж хэлжээ.
Путиний хүчирхэг холбоотон, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевын орлогч Венедиктов Украины хүсэлтийг суртал ухуулга гэж үзэж байгаагаа хэлээд, Украин НАТО-д элссэн тохиолдолд үр дагаврыг нь барууныхан ойлгож байгаа гэж мэдэгджээ.
Түүнчлэн Зеленскийгийн Оросын эсрэг урьдчилан сэргийлэх цохилт өгөх уриалгыг аюултай гэж тодорхойлоод, цөмийн дайн дэлхий дахинд сүйрэл дагуулна гэж тэрээр анхааруулав.
“Бид санаж явах ёстой: цөмийн мөргөлдөөн нь зөвхөн Орос, барууны хамтын нийгэмлэг төдийгүй дэлхийн бүх улс оронд нөлөөлнө. Үр дагавар нь бүх хүн төрөлхтний хувьд гамшиг байх болно” гэж Венедиктов хэлсэн байна.
Путин НАТО-ийн тэлэлтийг шүүмжилж, ялангуяа Украин, Гүрж зэрэг хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын гишүүнчлэлийн асуудлыг эсэргүүцэж ирсэн.
Тэрээр есдүгээр сарын 21-нд барууны томоохон гүрнүүдийн “цөмийн шантааж”-аас Оросыг хамгаалахын тулд цөмийн зэвсэг ашиглахад бэлэн байгаагаа дахин сануулсан билээ.
Эх сурвалж: Reuters