
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг. Тэгвэл 2017 онд батлагдсан цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж буй талаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай мэдээлэл өгөв.
Ингэхдээ тэрбээр өнөөдрийн байдлаар хуримтлагдсан шөнийн тарифын орлого 14.1, ирэх онд шаардагдах тооцоолол 37.3 гээд нийт 52.4 тэрбум төгрөгийг 2023 оны төсөвт суулгах шаардлагатай. Энэхүү тогтоол агаарын бохирдлыг бууруулах, хэрэглээг зохистой харьцаанд тэнцвэржүүлэх зорилготой гэдгийг онцолж байлаа.
Мөн цахилгааны үнэ тариф хэрвээ нэмэгдвэл шөнийн хөнгөлөлтийг үзүүлэхгүй байж болно. Дээрх төсвийг ирэх оны төсөвт суулгахгүй бол шөнийн тарифыг хөнгөлөх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж харж байна гэв.
Түүнчлэн тэрбээр нийт эрчим хүчний систем ямар нэгэн нөөц бэлтгэлгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байгааг дурдаад тиймээс эх үүсвэр зайлшгүй шаардлагатайг онцлов.
Энэ хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц зэргийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.