Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос 2022 оны улирлын эцэст чансаа өндөр бөхчүүдээ мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.

Чансааны оноог ДАШТ, тивийн АШТ, чансааны тэмцээнүүдээс олгодог билээ. Мөнгөн шагналыг жин тус бүрийн тэргүүн 3 бөхөд олгоно. Энэ жилийн шагналын сан өнгөрсөн жилээс багассан нь 2020 онд цар тахлын улмаас тэмцээн явагдаагүй тул хоёр жилийн шагналыг 2021 онд олгосонтой холбоотой юм.

ДБНХ-ноос сонгомол барилдааны шагнал хүртэх бөхийн нэрсийг зарлалаа. Хамгийн их шагналыг Азербайжаны бөхчүүд авсан байна. Тэд долуулаа 27 мянган ам.доллар авсан бол 22 мянган ам.доллар хүртсэн Туркийн баг удаалжээ. Хачирхалтай нь Дэлхийн Цомын эзэн Ираны багаас ганцхан бөх эхний гуравт багтжээ.

Энэхүү урамшуулалд 13 улсын тамирчид хамрагдахаар болсны дотор Монголоос эмэгтэйчүүдийн 50 кг жинд чансааг 52000 оноогоор тэргүүлсэн Д.Отгонжаргал 5000 ам.доллар хүртэх юм. Харин эмэгтэйчүүдийн 53 кг жинд Б.Хулан /45000/, эрэгтэйчүүдийн 57 кг жинд З.Занданбуд /45000/, 125 кг жинд М.Лхагвагэрэл /53600/ нар 3-т эрэмбэлэгдэж 2000 ам.доллар тус тус хүртэхээр болжээ.

Сонгомол барилдаанаас хамгийн өндөр чансаатай бөх нь Туркийн Риза Каялп. Тэр энэ жил дэлхийн аварга, Европын АШТ-д түрүүлж, чансааны 2 тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж, 74200 оноо цуглуулжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!