
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор тооцож, төсөвт тусгасан.
Иймд ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгох тухай журмыг боловсруулахаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд ажлын хэсэг томилогдон ажилласан юм.
Тус яамнаас журам гарсан эсэх талаар тодруулахад “Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батална. Үүний дараа нийтэд мэдээлэх бөгөөд түүнээс өмнө нь мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь “Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна.
ҮСХ, ХНХЯ дээр байгаа болон төрд буй тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна” хэмээж байв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: И баримтын системтэй хамтраад хүүхдийн мөнгийг картаар олгох системд нэвтрүүлнэ
“Хүүхдийн мөнгийг картаар олгохоор болсон. Тухайн карт нь архи, тамхины худалдаанд ашиглагддаггүй байх зохицуулалтыг татварын систем дээр бий болгосон. И баримтын системтэй хамтраад богино хугацаанд хүүхдийн мөнгийг картаар олгох системд нэвтрүүлнэ.