
АНУ-д 20 гаруй жил хоригдсон тагнуулч Ана Монтес суллагджээ. Тэрээр хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулчдын нэг байсан аж. Монтес өдгөө 65 настай бөгөөд Пентагоны тагнуулын удирдах газар шинжээчээр ажиллаж байхдаа Кубын талд тагнуул хийдэг байжээ.
2001 онд түүнийг баривчилсны дараа Америкийн албан тушаалнууд Монтесийг Кубын талд АНУ-ын тагнуулын үйл ажиллагааг бүхэлд нь задалсан гэж мэдэгдсэн байна. Албан тушаалтнуудын нэг нь Монтесийг Америкийн тусгай албаныхны баривчилсан хамгийн аюултай тагнуулчдын нэг байсан гэх бөгөөд Нэгдсэн Улсад асар их хохирол учруулсан гэжээ.
Ерөнхийлөгч Жорж Бушийн үед ажиллаж байсан Сөрөх тагнуулын газрын дарга асан Мишель Ван Клив 2012 онд Конгресст үг хэлэхдээ, Монтес Америкийн агентуудын бүх үйл ажиллагаанд саад учруулсан гэжээ.
“Кубачуудын талаар бидний мэддэг бүх зүйлийг тэд маш сайн мэддэг байсан тул өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэж чаддаг байсан. Үүнээс гадна Монтес хамтран ажиллагсадтайгаа ярилцахдаа Кубын нөхцөл байдлын үнэлгээнд нөлөөлж чадсан бөгөөд мөн олж авсан мэдээллээ бусдад дамжуулдаг байсан” гэж Ван Клив хэлсэн байна.
Монтесийг баривчлагдсаны дараа түүнийг Америкийн тагнуулын дөрвөн ажилтны их хэмжээний нууц материалыг задруулсан хэрэгт буруутгасан юм. Түүнд 25 жилийн хорих ял оноожээ. Шүүгч ял оногдуулахдаа түүний үйлдэл нь Америкийн бүх үндэстний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ.
Хүйтэн дайны үеийн бусад алдартай тагнуулчдаас ялгаатай нь Ана Монтес хувийн ашиг сонирхлоор бус үзэл суртлын үүднээс энэ ажлыг хийхээр шийдсэн байна. Рональд Рейганы засаг захиргаа Латин Америкт хэрхэн нөлөөлж байсан нь түүнд таалагдаагүй бөгөөд энэ нь түүнийг Кубын тагнуулын албатай хамтран ажиллахад түлхэц болжээ.
Эх сурвалж: ВВС