
65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор болсон. Ингэхдээ Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө ахмадуудад өгч эхэлсэн юм.
“Насны хишиг” авах ахмадуудын насыг ангилж, ангиллын дагуу хишгийг нь тогтоосон байдаг. Үүнд:
- 65-69 настай ахмад настан 50 мянга
- 70-79 настай ахмад настан 80 мянга
- 80-89 настай ахмад настан 150 мянга
- 90 ба түүнээс дээш ахмад настан 250 мянган төгрөг авах юм.
Насны хишигт бүртгүүлэх ахмадууд харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тусгай өргөдлийн маягт авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэйгээ очихыг анхааруулъя. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж бүртгүүлэх юм.
Шинээр бүртгүүлэгсэд Цагаан сараас өмнө “Насны хишиг” авах хүсэлтээ гаргаснаар баяраас өмнө мөнгөө авах ба үүнээс хойш бүртгүүлсэн иргэд Үндэсний их баяр наадмын өмнө мөнгөө авах аж. Харин өмнө нь “Насны хишиг”-т хамрагдаж мөнгөө авсан ахмадууд дахин бүртгүүлэх шаардлагагүй.