
Д. Хонгорзул гэх энэ бүсгүй 2016 оноос хойш гоо сайхны салбарт хумс засалчаар ажиллаж байна.
Тэрээр 2018 онд Зүүн бүсийн аймгуудын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2 төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн нь урам зориг өгч илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлийг нь төрүүлжээ.
Өнгөрөгч 2022 онд Монгол Улсын “Үсчин гоо засалч, хумс урлал”-ын аварга шалгаруулах тэмцээнд өмнөх ажилтаа ахиулж 3 төрөлд оролцож “Гранпри” цомын эзэн болсноос гадна олон улсын гоо сайхан, хумс урлалын “MBEAU” тэмцээнд мастер ангилалд 2 мөнгө, 2 хүрэл медаль авснаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авчээ.
Уг Дэлхийн гоо сайхны аварга шалгаруулах тэмцээн нь АНУ-ын Лас Вегас хотноо 2022 оны 12 дугаар сард дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цахимаар зохиогдож, мастер ангиллын 3 төрөлд 50 гаруй орны 6000 шилдэг бүтээлээс үндэсний хэв шинжтэй хумс урлалаар “Шилдгийн шилдэг” номинацид тэргүүлж, 3 алтан цомын эзнээр шалгарчээ. Д.Хонгорзул 2023 оны 2 дугаар сард АНЭУ-ын Дубай хотод зохиогдох гоо сайхны мастеруудын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.