Энэтхэгт хэт халалтын улмаас 24 хүн амиа алджээ

Пүрэв гарагт Энэтхэг улсын зүүн хэсэгт орших Бихар, Одиша мужуудад хэт халалтын улмаас 24 хүн амиа алдсан байна.

Энэ долоо хоногт тус улсын нийслэл Дели хотод агаарын температур цельсийн 52.9 хэмд хүрч халсан нь тус улсын түүхэн дээд халалт болон бүртгэгдсэн. Энэ халалт цаашид ч үргэлжилж магадгүй байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлжээ. 

Улмаар нийслэл хотын иргэд тэр дундаа хөгшид хүүхдийн эрүүл мэндэд хэт халалт хүчтэй нөлөөлж магадгүй учир эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авахыг эрх баригчдад зөвлөж байна. 

Энэтхэгийн хамгийн халуун өдрүүд 2016 онд тохиож байсан бөгөөд цельсийн 51 хэмд хүрч халж байсан юм. 

Энэтхэгт хэт халалттай зэрэгцэн парламентын сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа үргэлжилж буй. Ойролцоогоор нэг тэрбум хүн саналаа өгөх уг сонгууль дөрөвдүгээр сараас эхэлсэн. 

Хүн төрөлхтний хамгийн том улс төрийн сонгууль гэгдээд буй уг сонгууль долоон үе шаттайгаар зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.