Ж.Сандагсүрэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийжээ

Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ж.Сандагсүрэн өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтөд газраа өгч, орон сууцжуулах төсөлд хамрагдаад байгаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна.

Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа онцлоод “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэд 2014 оноос санаачилга гарган, амьдран суугаа нутаг дэвсгэртээ гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хүсэлт гаргасан.  Үүний дагуу “Шинэ барилга” компани дахин төлөвлөлт хийх аж ахуйн нэгжээр 2018 онд шалгаран ажиллаж байгаа билээ.

Инженерийн дэд бүтэц тавиагүйн улмаас “Шинэ барилга” компанийн ажил удаашралтай яваа. Үүнээс гадна “Шинэ барилга” компани газрыг нь дахин төлөхөөр төлөвлөсөн айл өрхүүдэд мэдээлэл өгөхгүй, холбоо харилцаатай ажиллахгүй байгаа аж. Тиймээс иргэдийн итгэл буурчээ.

Дахин төлөвлөлтийн төслийг санаачилсан иргэд хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, хамтран ажиллах саналтай байгаагаа уламжиллаа. Тиймээс иргэд, компани, Нийслэлийн орон сууцны бодлогын газар гэсэн гурван төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар тогтов” хэмээн бичжээ.

Ж.Сандагсүрэнгийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад дүүргийнхээ иргэдийг нийслэлд төлөөлөхөөр сонгогдсон нэгэн юм.

Тэрээр өмнөх хотын даргын үед Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байв.